headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

Шинэ цагийн “ТАХАЛ”!

АнгилалАнгилал 2Нийтлэсэн2025-08-20 19:18Уншсан тоо28,247

21-р зууны амьдрал бидэнд тохь тух, мэдээлэл, харилцааны шинэ соёл авчирсан ч нөгөөтэйгүүр үл анзаарсан сүүдэр чимээгүйхэн газар авч байна. Монголчуудын өдөр тутмын хэрэглээнд гүн шингэсэн сошиал медиа нь бидний бодол, сэтгэл хөдлөл, амьдралын хэв маягийг бүрэн өөрчилжээ. Facebook, TikTok, Instagram зэрэг платформуудыг өдөрт хэдэн цаг ч хамаагүй гүйлгэж, бусдын “амжилттай”, “гоо үзэсгэлэнтэй”, “аз жаргалтай” амьдралыг ажиглаж, түүнтэй өөрийгөө харьцуулах нь энгийн үзэгдэл болж. Гэвч энэ гүйлгэлт хүний дотоод ертөнцөд ямар ул мөр үлдээдэгийг бид бүрэн ухамсарлаж чадахгүй явсаар байна.

Монгол Улсад 2024 оны байдлаар 2.3 сая гаруй хүн идэвхтэй сошиал хэрэглэгч болсон нь хүн амын 70 орчим хувийг эзэлж байна. Ихэнх нь залуу болон өсвөр үеийнхэн бөгөөд энэ насны бүлэгт сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүд, ялангуяа сэтгэл гутрал, түгшүүр, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн алдагдал хамгийн ихээр нэмэгдэж байгаа талаар СЭМҮТ, ЭМЯ-ны судалгаанд онцолжээ. Америкийн Preventive Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдөрт 3-аас дээш цагийг сошиал орчинд өнгөрүүлдэг хүмүүсийн дунд сэтгэл гутрал 2.7 дахин өндөр байдаг нь батлагдсан бол Lancet Psychiatry сэтгүүлд TikTok болон Instagram-д хэт автсан өсвөр насныхны дунд ганцаардал, нойргүйдэл, өөрийгөө голох байдал огцом нэмэгддэг гэжээ.

Монголын нөхцөлд энэ үзэгдэл улам хүндрэх хандлагатай. Нийгэм дэх сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хандах ойлголт хангалтгүй, хүмүүс “сэтгэл өвдөх”, “хийморь муудах” гэх мэт уламжлалт үгээр нэрлэж, мэргэжлийн тусламж авахыг чухалчилдаггүй. Сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдэг илэрсэн ч “өө, амрахгүй явснаас болсон байлгүй”, “би сул дорой биш” гэж өөрийгөө дарах хандлага түгээмэл.

IMG_20240713_203000.jpg

Ингэснээр асуудал архагшиж, сэтгэцийн гүнзгий эмгэг болох эрсдэл нэмэгддэг. Цахим орчин дахь төгс мэт харагдах хүмүүсийн амьдралтай өөрийгөө харьцуулан сэтгэлээр унах, өөртөө эргэлзэх байдал түгээмэл бөгөөд энэ нь ялангуяа өсвөр насныханд маш хүчтэй сэтгэл зүйн дарамт үүсгэдэг.

Сэтгэцийн эрүүл мэндийн энэ хямралыг зөвхөн сошиал медиа өдөөж байгаа хэрэг биш. Харин бидний хэрэглээ, түүнд хандах хандлага, мэдлэгийн хомсдол, тусламж авах нөхцөл боломжийн дутагдал зэрэг олон хүчин зүйлс нэг дор давхцаж байгаад гол асуудал оршино. Бид цахим хэрэглээний боловсролыг бага наснаас эхлэн системтэй олгох, сургууль болон олон нийтийн төвшинд сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх ойлголтыг түгээх, мэргэжлийн тусламжийг хүртээмжтэй болгох зэрэг нийгмийн түвшний бодит алхам хийхгүй бол энэ асуудал нийгмийн дотоод хямрал болон гүнзгийрч болзошгүй.

editor-bg5.jpg

Сэтгэцийн эрүүл мэнд нь зөвхөн өвчтэй хүмүүсийн асуудал биш. Энэ бол хүн бүрийн өдөр тутмын сэтгэл зүйн амгалан байдлын суурь нөхцөл. Бид сэтгэцийн эрүүл мэндээ анхаарах нь бие махбодоо хамгаалж буйтай ижил үнэ цэнтэй гэдгийг ойлгох цаг аль хэдийн болсон. Сошиал медиа нь өөрөө буруу зүйл биш — харин бид түүнтэй хэрхэн харьцаж, өөрсдийгөө хэрхэн хамгаалж байгаагаас л асуудал хамаарна. Тиймээс бидний өмнө одоо нэгэн шинэ амьдралын ур чадвар зайлшгүй шаардлагатай болоод байна. Энэ бол сэтгэцийн дархлаагаа хөгжүүлэх, мэдээллийг ялгаж таних, өөрийгөө бодитоор үнэлэх, тусламж авахад бэлэн байх чадвар. Хэрэв бид үүнийг хамтдаа суралцаж чадвал сошиал хэрэглээ бидний сэтгэлийг хөнөөх бус, харин дэмжих хүч ч болж чадна.